Рейлком төв

Рейлком төв

Бизнес үйлчилгээний Рэйлком төв

          УБТЗ нь Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэлх төмөр замын дагуух томоохон хот, суурин газруудыг холбосон 1400 километр гаруй шилэн кабелийн сүлжээнийхээ ашиглалтыг сайжруулж үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор 2002 онд Бизнес Үйлчилгээний Рэйлком төвийг байгуулсан. Ингэснээр УБТЗ-ын Рэйлком төв нь улс хоорондын газрын гарц бүхий Монгол Улсын анхдагч шилэн кабелийн сүлжээ эзэмшигч үйлчилгээний оператор компани болсон түүхтэй.
          Байгуулагдсан жилээ Рэйлком төв ОХУ-ын Транстелеком компанийн сүлжээнд холбогдож Монгол Улсын зах зээлд интернэт үйлчилгээг үзүүлж эхлэв. 2003 онд БНХАУ-ын Чайна Юником корпорацитай сүлжээ хоорондын харилцан холболт хийв. Ийнхүү 2004 оны 04 дүгээр сараас Монгол Улс шилэн кабелийн сүлжээгээрээ Ази-Европ тив хоорондын мэдээлэл, холбооны транзит 2M, 34M сувгийн урсгалыг хөрш орнуудынхаа холбоо мэдээллийн салбарт дамжуулж эхлэв. Ийнхүү Ази –Европ тивийг холбосон хамгийн дөт эх газрын шилэн кабелийн ERMC сүлжээг ашиглалтанд оруулж дэлхийн мэдээлэл холбооны зах зээлд зарлав.
          
2004 онд дамжуулах системийнхээ хүчин чадлыг STM-4 (STM-16) болгон нэмэгдүүлсэн ба 2006 оноос Сингапур Телеком, ТрансТелеком компаниудаас интернэтийн урсгал оруулж ирэн Монгол Улсын интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниудад бөөний үнээр борлуулж эхлэв. Интернэтийн үйлчилгээнд манай улсын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд, тухайлбал Миком, Мобиком, Скай Си энд Си, М-Си-Эс, Мэйжикнэт, Сансар интернэт зэрэг компаниуд болон хувь хүмүүс албан байгууллагууд 64Кбит/сек - 2Мбит/сек хурдаар холбогдов.
          
Монгол улсад интернэтийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлж, дотоодын хэрэглээг өсгөх зорилгоор МХХТГ, УБТЗ-ын Рэйлком төв хамтран 2006 оны 4-р сард интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хямд үнэтэй, чанартай интернэтийг Чайна Юником компаниар дамжуулан SingTel (Singapore Telecom) компаниас 155Мб/с хурдаар авч энэ холболтоор Монголын бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад Интернетийн бөөний үйлчилгээ хүргэв.
          
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын хэрэглээ улам нэмэгдэж, интернэтийн хурд нэмэх шаардлага гарсантай холбогдуулан манай төв 2006 онд ОХУ-ын Транстелеком компаниас интернэтийг 155Мб/с хурдаар авч Монголын бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хүргэв.
          
Өрх бүр, байгууллага бүрийг интернэтэд өндөр хурдаар (64бит/сек-8Мбит/сек) холбох боломжтой ADSL үйлчилгээг нэвтрүүлэв. Энэхүү үйлчилгээний давуу тал нь телефон утсан дээр нэмэлт төлбөр гарахгүй, интернэтэд холбогдсон байх үедээ ч утсаа чөлөөтэй ашиглах, цагийн хязгааргүй интернэтэд холбогдох боломжийг олгож байв.
          
2007 онд Рэйлком төв DWDM дамжуулах систем, интернэтийн өндөр хурдтай зангилаа төв (POP)-өө байгуулсан. Интернэтийг бөөнөөр борлуулахын зэрэгцээ Капитал банк, Зоос банк, БСБ сервис, Азиател, Монгол шуудан, AIDD ХХК болон бусад байгууллагуудыг өндөр хурдаар интернэтэд холбоод байна. 
          
УБТЗ нь өөрийн технологийн үйл ажиллагаандаа зориулан шилэн кабелийн сүлжээ ашиглан төмөр замын дагуух 15 хот суурин, өртөө зөрлөгүүдэд Cisco 7206, Cisco 3745, Cisco 2691 router, Cisco 3550, Cisco 2950 switch ашиглан өндөр хурдны online мэдээллийн сүлжээг байгуулаад байна. Энэхүү сүлжээгээр УБТЗ-ын товарын конторын автоматжуулсан систем, билетийн кассын автоматжуулсан систем, галт тэрэгний биечилсэн хуудас, санхүүгийн нэгдсэн систем, боловсон хүчний мэдээллүүд солилцохоос гадна видео конференци тогтмол хийгдэж байдаг юм.
          
2010 оноос Сүхбаатар өртөөнд DWDM тоног төхөөрөмж суурилуулан STM-64 транзит 40 Гбит/с урсгал нэвтрүүлж эхэлсэн. 2011 онд Сайншанд, Дархан томоохон аймгийн төвүүдэд интернэтийн өндөр хурдтай зангилаа төв (POP) байгуулсан.

Рейлком төвийн захирал Б.Сайханбаяр


Хэвлэх   И-мэйл